Сингапурт тансаг зэрэглэлийн орон сууцны түрээсийн үнэ өсөж, Нью-Йоркийг хол орхив
2022 оны сүүлийн улиралд Сингапурт тансаг зэрэглэлийн орон сууцны түрээсийн үнэ эрчимтэй өсөж, жагсаалтыг тэргүүлдэг Нью-Йорк хотынхоос ч илүү өндөр үнэтэй болсон байна.
Энэ нь 2021 оны мөн үетэй харьцуулахад нэг жилийн түрээсийн үнэ 28 хувиар өссөн дүн болсныг “Knight Frank”-ийн судалгаанд онцолжээ. Харин Нью-Йорк хотод түрээсийн үнэ 19 хувийн өсөлттэй байна.
Тансаг зэрэглэлийн орон сууцны түрээсийн үнийн судалгааг дэлхийн 10 улсын томоохон хотуудад хийсэн бөгөөд жагсаалтыг Сингапур тэргүүлж, Нью-Йорк удааллаа. Үүний араас Их Британийн Лондон, Канадын Торонто хот бичигдэж байна.
Сингапурт орон сууцны түрээсийн үнэ ийнхүү өсөхөд цар тахлаас үүдэн үл хөдлөх хөрөнгийн нийлүүлэлт буурч, эрэлт нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.
Үүнээс гадна Сингапур олон улсаас ур чадвартнуудыг татах виз шинээр гаргаж байгаа нь түрээслэгчдийн тоог улам нэмэгдүүлэхээр байгаа юм.
Энэ онд Сингапурт 17 мянга гаруй амины орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Энэ нь эрэлтийг тодорхой хэмжээнд хангах боломжтой гэж “Knight Frank” үл хөдлөх хөрөнгийн зөвлөх үйлчилгээний компанийн Сингапур дахь салбарын судалгааны ахлагч Лоенард Тэй үзэж байгаагаа онцоллоо.
Х.Солонго