Оёдлын салбарынханд жилийн 6 хувийн хүүтэй 80 хүртэл сая төгрөгийн зээл олгоно
Таван Богд Финанс ББСБ нь Тогтвортой хөгжлийн “Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих” зорилтын хүрээнд “Оёдлын салбарын кластер 20,000” төслийг хамтран хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд 2025 он гэхэд оёдлын салбарт 20,000 ажлын байр бий болгож, улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.
Үйлдвэрлэл хөгжих хэрэг байна уу?
1990 оноос өмнө Монгол улсын нийт хөдөлмөрийн насны хүн амын 94 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг байсан бол үүнээс хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн салбарт 70 гаруй хувь нь ажилладаг байжээ. Ялангуяа хөнгөн үйлдвэрийн салбар улсынхаа нийт хэрэгцээний 80 гаруй хувийг дангаараа хангах төдийгүй, тухайн үеийн социалист орнууд руу гутал, хувцас экспортолдог байжээ.
Харин өнөөдөр хөнгөн үйлдвэрийн салбар олон талт дэмжлэг дутсанаас ихэнх үйлдвэрүүд хаагдаж, оёдолчид улирлын шинж чанартай ажил эрхэлдэг болж, тогтвортой ажлын байргүй, стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжгүй, бараа материалын нийлүүлэлт хомс зэргээс шалтгаалж дорвитой хөгжихгүй байна. Иймээс үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, дундаж давхаргын хүрээг тэлэх, орлоготой ам бүлийн тоог өсгөх, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник технологи инновац шингэсэн үйлдвэрлэл ажлын байр бий болгохыг зорин ажиллаж байна. Оёдлын кластер хөгжүүлэх шаардлага Цар тахлын нөхцөл байдлаас үүдсэн бараа бүтээгдэхүүний хомсдол, түүнийг дагасан үнийн өсөлт, эдийн засгийн тогтворгүй байдал зэрэгцсэн энэ үед олон газрууд “үүдээ барилаа”. Эдийн засгийн хараат байдлын хор хохирол бүх салбарт нөлөө үзүүлж, өөрсдөө үйлдвэрлэгч болох ёстойг олон талаар ойлгууллаа.