Dark
  • Даваа, 18 11 сар 2024
Дэлхийн хуваагдалд Монгол илүү зальтай, илүү ухаантай хандах ёстой!

Дэлхийн хуваагдалд Монгол илүү зальтай, илүү ухаантай хандах ёстой!

Дэлхийн улс төр, эдийн засгийнхны анхаарал Оросын холбооны нэгж улс, Татарстаны Казань хотод төвлөрч байна. Тэнд долларын хаанчлалыг халж, дэлхийн ДНБ-ий гол өсөлтийг бий болгоно гэж амбицлаж буй БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт болж буй агаад үүсгэн байгуулсан, гишүүнээр элссэн 10 улсын лидерүүд оролцож буйгаас гадна дэлхийн цөөнгүй орон элч, төлөөлөгчөө илгээжээ. Тэр ч бүү хэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш уг бүлгэмийн уулзалтад оролцоно гэсэн мэдээлэл цацагдсан билээ.

Дэлхийн хүн амын 45 хувь нь амьдардаг, дэлхийн экспортын 25 хувийг хангадаг БРИКС-ийн бүлгэмд элсэх хүсэлтээ Турк, Тайланд, Куба, Сири зэрэг олон орнууд гаргасан нь тус бүлгэмийн нэр хүнд, үйл ажиллагаа, дэлхийн эдийн засагт эзлэх хувь, жин жилээс жилд өсч буйтай холбоотой. Тус бүлгэм нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн тэнцвэргүй байдлыг өөрчлөх том зорилго тавьснаас гадна цөөхөн хэдэн хөгжингүй орнууд шийдэж ирсэн олон улсын дэг журмыг өөрчилж, илүү шударга, илүү тэгш шинэ дэг журамтай болох ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.

БРИКС дотроо Хятад гол тоглогчоор тодрох болсон нь эдийн засгийн хэмжээ, дэлхий дахинд үзүүлэх нөлөө, хөрөнгө оруулалт гэсэн гурван зүйлтэй нь холбоотой.

Жишээ нь, 2009 онд буюу 15 жилийн өмнө Хятадын Орос, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк зэрэг улстай  хийсэн экспорт, импорт 960 тэрбум, 210 сая юань байсан бол өнгөрсөн 2023 онд 4.3 их наяд юаньд хүрчээ. Тэгвэл БРИКС ам бүлээ шинэчилсний дараа буюу энэ оны эхний гурван улирлын байдлаар Хятад улс “бүлгэм”-ийн гишүүдтэйгээ хийсэн худалдааны дүн 4.6 их наяд юань болжээ.

БРИКС-ийн эдийн засаг тэлэхийн хэрээр “G-7”-гийн нөлөөлөл буурч буйг экспертүүд олон улсын харилцааны шинэ эрин үе ирлээ гэж дүгнэцгээж байгаа юм.

Дэлхий нийт үнэт зүйл, үзэл баримтлалаараа “Их долоо” ба БРИКС гэж хуваагдсан. Тэгэхээр дэлхийн энэ хуваагдал ирээдүйд Монголыг “хадны дундах халиуны зулзага” мэт амаргүй сонголтод шахан оруулж магадгүй. Ийм эрсдэлээ олж харж, цаг нь ирвэл Монгол яаж нүүхээ хүртэл эртнээс тооцож, шатраар бол гурван нүүдлийн наад цаадахыг харчихсан байх ёстой юм.

Монгол газар зүйн байрлалын хувьд БРИКС-ийн орнуудын яг төвд, тус бүлгэмийг үүсгэн байгуулсан долоон улсын хоёртой нь буюу Бээжин, Москватай хиллэн оршдог. Ардчилсан, парламентын засаглалтай, тусгаар тогтносон улс хэдий ч эдийн засгийн хувьд Монгол Улс Орос, Хятадаас де-юре хамааралтай.  Экспорт, импорт нь Бээжингээс, бензин шатахуун нь Москвагаас шууд хамаардаг нь-де факто.

Есдүгээр сарын эхээр Улаанбаатарт 24 цагийн хугацаатай айлчлал хийж, Монголын Засгийн газраас зарласан мега төслүүд дээр ашиг сонирхлоо тулгаж, Олон улсын гаагийн шийдвэрийг “тохуурхаад” буцсан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин буцахдаа Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад урьсан нь найрсаг хөршийн харилцааг бодсон үг-үйлдэл биш нь ойлгомжтой. Нэг ёсондоо Монголын гадаад харилцааны бодлогын түнших, хандлагыг нь харах гэсэн арга заль ч байж мэднэ.

“G-7” бол дэлхийн долоон том эдийн засаг. 1975 онд байгуулагдсан цагаасаа дэлхийн эдийн засаг, улс төр, гадаад харилцаа, аюулгүй байдлын дэг журмыг тогтоож ирсэн. Монгол Улс “G-7”-той гуравдагч түншийн харилцаатай.

Тэр тусмаа Япон бол Монголын донор орон. Монголчуудын хүнд хэцүү цагт Япон улс хамгийн түрүүнд гар сунгадаг. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан Үндсэн хуульд орны хувьд “G-7”  үзэл баримтлал, үнэт зүйл нэгтэй.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ, тэр тусмаа тэрбумтнуудын хот гэгдэх Нью-Иоркод харъяалагдаж ирсэн дэлхийн эдийн засгийн эрх мэдлийн хүч Ази руу шилжиж байна. Гэлээ гээд “Их долоо” ба БРИКС гэсэн дэлхийд хуваагдалд Монгол илүү зальтай, илүү ухаантай хандах ёстой.

Монголыг дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг болохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш дэлхий даяар зарласан. Энэхүү имижээ хадгалж, төвийг сахиад явах нь жижиг улсын амьд үлдэх арга заль байж мэднэ. Угтаа заль гэдэг чинь ухаан, самбаа  юм.

Дэлхийн хуваагдалд Монгол илүү зальтай, илүү ухаантай хандах ёстой!

Коммент / Хариу ирсэн